“Өө аварга нь байна оо… Хаалгаа ”

Олны хайртай бөх аварга  А.Сүхбатыг АН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжин бүр штабынх нь менежерээр ажиллах болсон гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн том сенсаци юм. Хэдийгээр олон нийт энэ талаар өөрийнх нь амнаас сонсоогүй ч энэ мэдээлэлд сайн муу дүгнэлт нэг их өгсөнгүй. Цаашид яахыг харсан байх. Төд удалгүй тийм юм байхгүй харин ч аваргыгаа дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэсэн мэдээлэл цацагдлаа. Өнөөдөртөө энэ мэдээлэл үнэн худал нь ч яахав цаг хугацаагаар харагдана гээд орхиё.

Монгол улс 21 аймаг, 330 сумтай, 2.75 сая хүн амтай үүнээс сая гаруй нь сонгуулийн насны иргэн. Харин Монголд маань хэдэн бөх байдаг вэ. Дээрхи 330 сум бүрт дор хаяж арван бөх бий байх. Энэ хэд маань аль хэдийн аравтын бүтцэд орж аваргынхаа сонгуулийн ПиАр-ыг хийгээд цалин урамшуулалтай, ажилтай орлоготой Монголчуудын нэг болсон яваа байх. Энд нэг их халаглаад бас алга ташаад байх зүйл байхгүй. Хэрвээ инженер нэр дэвшсэн бол Монголын инженерүүдийн холбоо нийт инженерүүдийн тоог гаргаад үүн дээр бусад дэмжигчид энэ чиглэлээр сурч буй оюутнууд, мөн насандаа суусан ахмад инженер зэргийн  тоог нэмээд хэдэн хувиар ялахаа тооцоод гаргаад ирнэ гэдэгтэй дүйцэх гэнэн яриа. Гэхдээ сонгууль зэргийн томоохон өрсөлдөөнд гарч ирсэн хэн ч өөрийн ажил мэргэжлийн салбар, нутаг орон буюу жалга довны талаа  харж найдлага тавьдаг ба энд хэр найдлагын төвшин өндөр байна тэр хэрээрээ энэ салбараа бага анхаарч  зөнд нь орхидог. Хариулт нь энгийн, эд маань хаашдаа намайг дэмжинэ гэх. Ер нь салбар бүрт өөрийн онцлог ялгарал, амбиц өрсөлдөөн бий.

.

Анхаарлын тойрогт орж ирээд байгаа бөхчүүд түүний удирдах байгууллага МҮБХ-оор жишээ татья.  Монголын бөхийн холбоо түүний эргэн тойрондох маргаан сөргөлдөөн нэг хоёр хүний мэт байснаа цаанаа том эрх мэдэл, мөнгөний төлөөх фракцийн тэмцэл болох нь мэдэгдэж байсан. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, аварга Х.Баянмөнх нарын хооронд бөхийн өргөө хийгээд Бөхийн холбооны тэргүүний төлөөх тэмцэл нь бие бие рүүгээ дайрсан хэрүүл маргаан маягаар сонин хэвлэлийн нүүр дамжин олны өмнө ил шууд явагдаж байсан. Үүнийг дагаад бөхчүүд мөн л хоёр хуваагдаж талцаж байсан. Энэ хугацаанд МҮБХ-той хамгийн ширүүн тэмцэлдсэн хүмүүс бол Р.Нямдорж тэргүүнийг тамга, тэмдгээ өг хэмээн хэсэгтээ бужигнаан үүсгэсэн улсын заан Ж.Ганболд, Д.Амгаа, улсын начин Ц.Дуламсүрэн нарын фракц юм. Тэд 2002 оны “Их Эе”-д Б.Сүхбаатар гэж хүнийг МҮБХ-ны тэргүүнд сойж, бөхийн холбооны Р.Нямдорж тэргүүнийг огцруулах талаар нэг хэсэг тууштай хөөцөлдөж байгаад сүүлдээ эвээ ололцсон гэдэг. Харин МҮБХ-ны бодлого, Монгол бөхийн дүрэм журам, ёс зүйг хамгийн ихээр эсэргүүцсэн бөхчүүдээр дархан аварга Х.Баянмөнх, даян аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох нарыг нэрлэж болно. Энэ үзэл бодолдоо үнэнч гэдгээ нотолж, даян аварга А.Сүхбат цэл залуугаараа зодог тайлж, дархан аварга Х.Баянмөнхийн хүү, улсын гарьд Б.Гантогтох заал танхимын барилдаан бүү хэл, наадамд зодоглохоо больсноор энэ фракцын тэмцэл тэгс хийгээд бүдгэрсэн.

.

Харин энэ сонгуулиар бөхчүүдийн дундаа хамгийн өндөр боловсролтой МУИС-ийн хууль зүйн сургуульд докторантурт суралцаж, биеийн тамирын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийж байсан англи, япон хэлтэй аварга Б.Бат-Эрдэнэ МУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Үүнийг дагаад бөхчүүд цол эрэмбэ, нам эвсэл, үзэл бодол гэсэн хуваагдлаа орхин аваргаа дэмжье гэсэн компанит сурталчилгаа эхэлж байх шиг байна. МАН-ын хувьд энэ фоноороо нэлээд санал чирч ирнэ гэж найдаж байгаа. Тэгэх ч байх. Харин хүчтэй өрсөлдөгчтэй тулсан аваргыгаа бөхчүүд 100 хувь дэмжинэ, үүгээрээ бас олон санал дагуулна гэхийн цаана бөх ч гэлээ өөрийнхөөрөө сонголтоо хийх эрхтэй монгол улсын  иргэн бас  байгааг бүү мартаасай.

.

АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж бол хүчтэй олон давуу талтай өрсөлдөгч. 2004-2006 онд МУ-ын Ерөнхий сайд, 2005-2008 оноос АН-ын дарга байсан тухайн үедээ АН-ын их хурлаасаа хүчтэйд тооцогдох зургаан хүнтэй өрсөлдөн, эцсийн шатанд С.Бат-Үүлтэй тунан, хурлын гишүүдийн 68 хувийн дэмжлэгийг авч АН-аас МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авч байсан. Улмаар уг сунгаанд ялалт байгуулан Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол энэ жил намаасаа 100 хувийн дэмжлэгтэйгээр дахин нэр дэвшиж байгаа. Өнгөрсөн 4 жилд шударга ёсыг тогтоох тал дээр их зүйлийг хийсэн, авилгачдыг цааш нь цэвэрлэж дуусгах “зайлшгүй хийх ажилтай” хүн тул дахин сонгогдох ёстой гэж олон нийтийн зүгээс дэмжлэг сайтай байгаа. Үүнтэй санал нэг Ц.Элбэгдоржийг дэмжих бодолтой бөхчүүд ч зөндөө л байгаа байх.

.

Гэтэл нөгөө магнайд  аварга нь намайг асуултгүй дэмжинэ биз дээ гээд дэвээд гараад ирдэг. Ийм нэг хэцүү зүйлтэй тулгараад байгаа бөхчүүдийн зовлон одоо эхэлж байна. Монгол түмнийхээ бахархал хүндлэлийг хүлээсэн олон сайхан аваргуудын үг дэмжлэгийг авах зорилтод аян эхэлснийг дээрхи А.Сүхбат аварга сонгуулийн менежерээр ажиллана гэсэн шуугианаас харж болно. Би эмч гэдэг нь лам миний дайсан гэсэн үг биш. Үүнтэй адил мэдээж та бөх байгаагаараа аваргыгаа дэмжих үүрэгтэн болохгүй юм л даа. Бид тус бүртээ л бахархах омогших ялгаралтай, өөрийн жаргал зовлонтой нэг гэр бүл шиг байдаг хамт олонтой, олон салбарын нэг л төлөөлөл. Гэхдээ ганцхан Эх оронтой. Эндээ та, таны гэр бүл, үр хойч тань эрх чөлөө, тэгш шударга ёсны баталгаан дор амьдарч, амьдрал тань өдрөөс өдөрт өнгөжиж дээшилж байх учиртай. Энгийн хэрнээ маш хол харагддаг энэ ардчиллын эрхэм мөн чанарын төлөө ТА сонголтоо хийх юм. Нэн чухал энэ сонголтын дэргэд  та  аль салбарын төлөөлөл, бас та өөрийгөө хэний тал гэж боддог байх нь тийм чухал гэж үү.

Удахгүй нэг орой хайртай  аварга маань  …”өө аварга нь байна оо, хаалгаа “ гээд гэр дүүргээд ороод ирвэл нэг их  гайхах хэрэггүй …. Сонгуулийн сурталчилгаа эхэлчихээд байна.

П.Баярхүү /тоймч/