Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- Засаг дарга
- ЗДТГазар
- Багууд
- Байгуулагууд
- Мэдээ, мэдээлэл
- Ил тод байдал
Ханх сум нь 13-р зууны эхэнд Их Монгол улс байгуулагдсан 1206 онд Ойрдын Хутуга Бэхиэс Чингисийн алтан ургийн Зүчийн захиргаанд Ханхас буюу Ханхынхан хэмээн соёрхогдож орсон байдаг. Улмаар Өгөдэй, Гүюг, Мөнх зэрэг их хаад, хожмын бага хаад улмаар Гэрсэнзийн хөвгүүдээр дамжин 1759 онд Манжийн хааны зарлигаар Тагна Урианхайн дөрвөн хошууг Хөвсгөлийн урианхайн нэг хошуутай нэгтгэж “Хөвсгөл нуурын Урианхайн хязгаар” гэж өвөрмөц нэгж байгуулагдаж /Үхирада/ буюу бүгдийн даргын захиргаанд Ханх сум гэж анх байгуулагдаж байсан байна. 1911-12-29-нд Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаанд өргөмжилж дэлхий дахинаа Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг албан ёсоор зарлан тунхагласан тэр үед Хөвсгөл нуурын Урианхайн бүгдийн дарга Хишигжаргал Богдын Засгийн газарт баярлан талархаж, өөрийн харьяанд байсан ард иргэдийн хамт дагаар ороход Богд хаан өршөөн соёрхож Хишигжаргалд Үе улиран засаглах, засаг, улсын Түшээ гүнгийн хэргэм, засгийн тамгыг гардуулан өгч байсан. Үүний дараа Найданжав, Пүрэвжав, /Пүрэв ноён/-ны захиргаанд явж байгаад Ардын Засгийн жилүүдэд Хантайшир, Цэцэрлэг-Мандал зэрэг аймгуудад харьяалагдаж 1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад анхны 25 сумын нэг болон шинэ үеийн сум байгуулагдсан. Урианхайн хошууны төв Тамгын газар нь анх “Баянуул”-ын бэлд байсан ба Тамгын газар нь занги, хүнд бичээч нар ажиллаж байсан бөгөөд 8 ханатай улаан халзтай том гэр, дөрвөн талд нь 8 жижиг цагаан гэр байдаг байжээ. Тамгын газар нь Сожил зангийн хүү Пүрэвжав гэдэг хошуу ноён Ламжав Жүгдэр занги гэсэн бичиг үсэгт гаргууд хүмүүс ажиллаж байв. Хожим нь 1921 онд Ханхын хүрээнд хошуу тамгын газар нь нүүдэллэн ирж байрласан ба олон гэр байшинтай, лам хар, энгийн иргэд суурьшсан баруун, зүүн хүрээ гэсэн хоёр хэсэн бүхий 12 гудамжтай, хятадын худалдааны дөрвөн дэлгүүртэй шашин, төрийн үйл хэрэг цогцолсон томоохон суурин газар хотхон болсон байна. 1391 онд сумын төв “Шивдэг” гэдэг газарт суурь тавигдаж байгуулагдсан ба “Шивдэгийн даваан дээр тэр үеийн гаалийн хороо ажиллаж байв. Сумын захиргаа нь Монгол гэрт байрлаж байсан ба Гаалийн хороо, хамтрал, хоршоо, нам эвлэлийн үүр, усан замын байгууллага байсан. Орос буриад хүмүүс сууцны олон байшин барьж суурин томорсноос сумын төв Шивдэгт багтахгүй болсон ба хамгийн гол нь усан онгоцны зогсоол нь шаардлага хангахгүйн улмаас 1932 онд одоогийн Туртад нүүдэллэн ирж суурьшсан түүхтэй.
Урианхай, Дархад, Буриад үндэстэн голлон амьдардаг өлгий нутаг бөгөөд эртний тахилгатай Бүрэнхаан хайрхан, Далай ээжийн Арван гурван овоо, Баясгалант, Баян уул, Тургийн өндөр, Сант гэсэн шүтлэгтэй уул овоотой хүн ам нь хангай дэлхийтэйгээ амин холбоотой ард түмэн юм. Ван толгой, Жинст, Хороо, Модон хүй гэсэн түүхэн газруудтай бөгөөд Монгол Улсын баатар Л.Гэлэгбаатар, Ардын Хувьсгалын партизан Дүвжир, А.Дамба, Л.Чулуун, ахмад зүтгэлтэн Л.Санжаа, Ч.Ядамжав, П.Бадарч гэх мэт олон алдар цуутай гавьяат, үйлс нь мөнхөрсөн зоригт дайчин хөвгүүдээрээ бахархахгүй байхын аргагүй юм. Эдгээр гавьяат үйлстнүүдээр бахархаж тэдний хойч үе болсноороо бид бахархаж үйл хэргийг нь мөнхлөн үргэлжлүүлэх болно.